Үгс амьлахуй
Болор цом 2008-ын шилдэг шүлгээс
Миний нэг өдөр ингэж санагдаад /Л.Хасар/
6 цаг 30 минут
Хар дарсан зүүд үргэлжилж
Яргачин бурхан нүдийг минь сохолж, хэлийг минь сугалж
Мөчийг минь тасдаж зовооно
Улайрсан яргандаа тэд чихийг минь авахаа мартаад
“Одоо яах уу” хэмээн мэгдэн сандралдана
Хар дарсан зүүдУхаан дутвал сэтгэл дутна.
7 цаг 30 минут
Манай ванны өрөөнд жоомнууд
Амиа тэврэн гүйлдээд
Жоомны цус зэвтэй ус шиг крантнаас гоожоод
Сав нь нялцайгаад
Оо хатаад
Шүд нь биш оо цав цагаан санагдаад
Шар шүдтэй амаараа
Шар юм, хар юм, улаан юм ярихаар би гарч одно
10 цаг 00 минут
Гудамж дүүрэн хүмүүс тарни унших мэт
Зовлон, зовлон гэж үглээд
Зөгий шиг дүнгэнэлдээд
Хөгширч үглэх үг нь дуусахаараа
Хэдхэн удаа тарни уншаад үхнэ дээ гэж бодогдоод
Энэ хот зөгийний үүр шиг санагдаад
Балыг нь бурхан өглөөний цайндаа хийж уугаад л
12 цаг 30 минут
Өдрийн цайндаа зөгийн бал хийгээд
Дөнгөж ууж эхлэх гэж байтал
Лусын дагина, бурхны элч
Хөөрхөн гоё тэнэг, гоё харагддаг бүсгүй урдуур явж
Өдрийн цайг халбага шиг хөлөөрөө туучаад
Залуучууд гаслаад, хөлөг онгоц ч живээд
Лусын дагина зүгээр яваад өгнө
Тэр буланд суугаа охин л надтай хамт живнэ дээ гэж санагдаад
Миний цай тэр олон залуучуудыг залгисан далайн ус шиг шорвог санагдаад
13 цаг 13 минут
Гудамжаар алхаад, миний гарыг чанга атгаад
Миний мөрийг налаад
Хэзээ энэ охинтой танилцсанаа би мартаад
Гудамж нарийсаж тэдний гэр лүү улам ойртоод
Олон давхар цоожтой айлын хаалга онгойж өгөхгүй удаад
Зүрх минь цагийн зүүнээс хурдан цохиод
Энэ гэрийн эзэн охиноо харамлаж буруу газар олон цоож хийсэн байх
Ханхай хоосон гэр хов хоосон санагдаад
Нүцгэн охин Венерагийн баримал шиг санагдаад
Хэрэггүй санагдах баахан номтой тавиур дээр
Венераг мартаж гараад, гудамжаар алхаад
18 цаг 30 минут
Хэн нэгэн дээр очмоор санагдаад
Канёо, Ницше, Бодлер, Рембү үхснийг санаад
Үхэл тэдэнтэй дайралдах байлгүй
Архины мухлаг ормоор санагдаад
Цонхоор нь харахад тэд архины шилэн дотор сууж байгаа юм шиг
Архиар тархиа угаая гэж бодоод тархиа мушгихад
Ус асгараад, шал дэмий
Шил нь согтож, тасарч унахгүй болохоор нь
Шил шиг болмоор гэнэт санагдаад
Хэн нэгэн дээр очмоор санагдаад
21 цаг 20 минут
Нарны нүд хорсож улайгаад
Хүмүүсээс зугатаад, салхи шал согтуу
Тэнгэр хүртэл согтуу, агсан тавьж уйлаад
Нулимс нь үсчиж, намайг норгоод
Газар согтуу хурхираад
Би ганцаараа эв эрүүл, гэр лүүгээ алхаад
Сар хөндөлдөөд, шалбаагт хэвтээд
Би сарыг туучаад, гэрт ирсэн
Гутал нойтон
Сар нойтон байдаг юм байна гэж мэдээд
Орон дээр миний биеийн хэв үлэг гүрвэлийн мөр шиг санагдаад
Би гэрээсээ гараад удсан юм байна
Өглөө
Өчигдөр согтуу байсан салхи, тэнгэр, газар, хот зүв зүгээр
Би ганцаараа шартсан бас хар дарсан зүүдээ ярихаар
Ижий рүүгээ очихоор гудмаар алхаад
…. /Л.Хасар/
Усан үзэмнээс нарны нулимс амтагдана
Уйлж суугаа чамаас алдаа амтагдана
Тойрмын бараанаас туучаад өнгөрсөн тэмээ амтагдана
Өндөр холын одноос гэрэл амтагдана
Өнгөрсөн цагийн дурьтатгалаас гэнэн амтагдана
2007 оны шүлгүүд
Л.Хасар
“Хагацал”
Чи шатаж байсан
Чиний амьсгал хүртэл шатаж байсан
Шатсан мод шиг сормуус чинь
Хацар дээр чинь унаж
Шатаж байсан . . .
Нээрэн чи шатаж байсан
Нийлээд чи бид хоёр шатаж байсан
Нуухын аргагүй асаж байсан
Нурам болтлоо цогшиж байсан
Даарсан хагацал дэргэд
Дагжиж байсан . . .
Л.Хасар
“Чи Инээж…”
Санаж байна би
Салж ядан буй
Борооны дусал
Үүлнээс хагацаж байхад
Чи инээж байсан
Тэнэгийг оносон
Дусал болгон
Нулимс шиг хагацаж байхад
Чи инээж байсан
Би санаж байна
Салж ядан хагацах
Модны навчис бүтнээс хагацаж
Чиний хөл доор байхад
Чи инээж байсан
Би санаж байна
Тэнгэрийн цулаас хагацаж буй
Цасан ширхэг
Чамд хоргодон
Унаж байхад . . .
Цас чарлуулан
Явж байхдаа
Чи инээж байсныг
Би санаж байна
Цэцэг болгон инээж
Дэлбээгээ дэлгэж байхад
Чамаас хагацсан нулимс
Шүүдэр болон тогтож байсныг
Би санаж байна . . .
Цэцэг инээж . . .

Нэг иймэрхүү биччихээд байвал надад яг таалагдаад байгаа юм.
Сайхан шүлэг зөндөө ч санаанд орох нь ховор юм. Санаж явдаг хэдэн мөртөө сийрүүлэн үлээхийг хүсье!
Яруу найрагчид цөөрч шүлэгчид олшроод ирэхэд би хүртэл шүлэг бичдэг болчихжээ хөөрхий.