Гэгээн хүсэлд хүргэгч

Ухаан

Эрт урьд цагт Энэтхэгийн нэг ус тугээгч хувинтай дамнуургаар ус зөөдөг байжээ. Харин 2 хувингийн нэг нь цоорхой бөгөөд усных нь тал асгарахад хүрдэг байв. Энэ байдлаасаа цоорхой хувин ихэд ичиж, харин бүтэн хувин нь өөрөөрөө бахархадаг байв. Иймэрхүү байдлаар бүтэн 2 жил үргэлжилж, эцэст нь цоорхой хувин тэсч чадалгvй: -Эзэнтэн минь би өөрөөсөө ихэд ичиж байна. Мөн танаасаа уучлалт гуйхыг хүсч байна гэжээ. – Яагаад? гэж усчин асуухад: – Яагаад гэвэл би авч ирэх ёстой усныхаа дөнгөж талыг нь авчирдаг. Тэгээд та миний ийм байдлаас болж авах ёстой мөнгөө бүгдийг нь авч чаддаггvй шүү дээ гэхэд усчин хариуд нь: -Чи буцах замдаа замын хажуу талын цэцгүүдийг хараарай гэв. Цоорхой хувин буцахдаа замаа хартал үнэхээр сайхан цэцгvvд ургасан байлаа. Гэсэн хэдий ч хурэх газраа ирэхэд бас л тал устай байсан тул усчнаас дахин уучлал гуйв. Тэгэхэд усчин цоорхой хувингаасаа: ” Замын хажууд зөвхөн чиний талд л цэцгvvд ургасан, харин нөгөө хувингын талд цэцэг ургаагvй байгааг ажиглав уу? гэж асуугаад: – Yүний учир нь чамайг цоорхой болохоор замын хажуугаар цэцгийн үр суулгасан юм. Ус аваад буцах замдаа чи тэднийг усалж сайхан цэцгүүд ургуулсан. 2 жилийн турш би энэхүү цэцгүүдийг түүж эзнийхээ гэрт тавьдаг байсан. Хэрвээ энэ сайхан цэцгүүд байгаагүй бол түүний гэрт аз жаргал авч ирэхгүй байсан шүү дээ, хэмээн өгүүлжээ.

Саад

Эрт урьд цагт нэгэн хаан амьдардаг байжээ. Тэр хаан нэг өдөр ордонруу ордог зам дээр том хад тавиулаад  өөрөө цонхоор  юу болохыг харан суужээ. Өглөөнөөс үд хүртэл тэр замаар хаант улсын хамгийн баян чинээлэг худалдаачид, аянчид, ордныхон гээд олон янзын хүмүүс өнгөрчээ. Тэд бүгд л замд тээглэсэн хадыг тойрон гарч ордонд орцгоожээ.  Ихэнх нь хааныг их л өндөр дуугаар шүүмжилж байжээ. Ард олноос авсан татвараа замын засварт хэрэглэсэнгүй гэцгээж байлаа. Эцэст нь нэг тосгоны тариачин тэр замаар ирж явна. Ордонд жимс, ногоо авч ирж байжээ. Үүрч ирсэн сагсаа газар буулгаад зам дээр тээглэсэн хадыг түлхэж эхлэлээ. Ихэд ядарч хөлс гаргасны эцэст хүнд хадыг замаас зайлуулж чадав. Тариачин эр сагсаа үүрээд босох гэтэл түүний замаас зайлуулсан хадны доорх бяцхан нүхэнд ууттай зүйл байхыг харжээ. Онгойлготол дүүрэн алт… Мөн хажууд нь хааны бичсэн зурвас байлаа. Зурваст “Хадыг замаас зайлуулсан хүн энэхүү алтыг авна” гэжээ.
Тариачин эр болсон явдлаас их зүйл сурчээ. “Саад болгон таны амьдралыг илүү сайжруулах нэгэн боломж юм…”

Аль талаас нь харах нь чухал

Аргентиний алдарт гольфчин роберт де винчинзо бас нэгэн том тэмцээний аврагаар тодорчээ. Шагналаа аваад, хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгч зургаа авхуулаад гэртээ харихаар зогсоолд тавьсан машинруугаа явж байтал нэгэн эмэгтэй дөхөж ирэн түүний амжилтанд баяр хүргээд хүүхэд нь өвчтэй үхлийн даваан дээр байгааг, бас түүнийг эмчлэх мөнгө байхгүй, тиймээс мөнгөний тусламж үзүүлнэ үү хэмээн гуйжээ. Эмэйгтэйн яриа алдарт тамирчинд маш их нөлөөлсөн тул сая тэмцээнээс авсан шагналынхаа мөнгөний нэлээд хэсгийг чек бичээд эмэгтэйд өгчээ. Ингээд эмэгтэйд” хүүгээ заавал эдгээгээд сайн хүн болгож хүмүүжүүлээрэй ” гэж үнэн сэтгэлээсээ ерөөжээ.
Дараагийн долоо хоногт клуб дээрээ хоол идэж байтал мэргэжлийн голфийн холбооны нэг ажилтан түүнд дөхөж ирээд “өнгөрсөн долоо хоногт таныг машины зогсоол дээр нэг эмэгтэйтэй юм яриж байсныг тань сонссон” гэхэд Роберт “тийм” гэж хариулав. Нөгөө ажилан “тэгвэл танд нэг муу мэдээ хэлье. Тэр эмэгтэй бол залилан мэхлэгч, ямар ч өвчтэй хүүхэд байхгүй юм байна.” Гэхэд Роберт “энэ чинь тэгээд ямар ч өвчтэй хүүхэд байхгүй гэсэн үг үү ?” “үгүй, ямар ч өвчтэй хүүхэд байхгүй” “ашгүй дээ. Энэ долоо хоногт дуулсан хамгийн сайн мэдээ байна. Өвчтэй хүүхэд байхгүй юм байна шүү дээ” гээд баярлан инээмсэглэжээ.

Сургамжит өгүүллэгүүд номноос  Девидийн түүх

Тэр жил хатагтай Ричель 5-р анги дааж авчээ. Тэдний ангид Девид гэдэг нэг хүү байжээ. Тэр хүү байнга хиртэй хувцастай, үс нь арзайж сэгсийсэн, ангийнхантайгаа нэг их нийлдэггүй болохыг багш нь ажиглажээ. Хатагтай Ричель Девидийн хувийн хэргийг нь уншиж танилцахаар шийдэв. Гэхдээ хувийн хэргийг нь уншиж эхлээд маш их гайхжээ. Учир нь нэгдүгээр ангийн багш нь “Девид маш ухаантай, сэргэлэн цовоо, гэрийн даалгавраа тогтмол хийдэг, найз нөхөдтэйгээ эвтэй найртай.” гэжээ. Харин цааш нь хоёрдугаар ангийн багш нь “Маш сайн сурагч. Гэвч ээжид нь хүнд өвчин туссан учир хэцүү байгаа бололтой. Ар гэрийн амьдрал хүнд байж магадгүй.” гэсэн байв. Гуравдугаар ангийн багш нь “Ээжийнх нь үхэл түүнд маш хүнд туссан. Аав нь нэг их анхаарал халамж тавьдаггүй. Ямар нэг арга хэмжээ яаралтай авахгүй бол ар гэрийнх нь хэцүү уур амьсгал түүнд нөлөөлнө.” гэж бичсэн байлаа. Харин дөрөвдүгээр ангийн багш нь “Девид бүрэг, хичээлдээ сонирхолгүй, ямар ч найз нөхөдгүй. Заримдаа хичээл дээр унтдаг.” Хатагтай Ричель Девидийн ямар хүүхэд байсныг нь мэджээ. Багш нарын баярын өдөр сурагчид нь хатагтай Ричельд өнгө өнгийн туузаар чимсэн цаасанд боосон бэлэг бэлэглэхэд тэрээр ихэд санаа зовжээ. Учир нь Девид түүнд бор цаасанд боосон, зарим шигтгээ нь унасан, хиймэл шигтгээтэй бугуйвч, нэлээд дундарсан үнэртэй ус бэлэглэжээ. Девидийн энэ бэлгийг харсан хүүхдүүд инээлдэн шоолоход багш, бугуйвч өөрт нь маш их таалагдсаныг хэлж үнэртэй уснаас нь хэд хэд шүршихэд хүүхдүүд инээлдэхээ больжээ. Тэр өдөр Девид багшдаа “Хатагтай Ричель, та яг миний ээж шиг үнэртэй байна.” гэж хэлжээ. Хичээл тарсны дараа хатагтай Ричель хэсэг уйлав. Тэр өдрөөс эхлэн Девидэд анхаарал тавьж эхэлжээ. Анхаарах тусам Девид улам бүр сэргэж яг л урьдынх шигээ хамгийн шилдэг сурагч болжээ. Жилийн эцсээр хатагтай Ричелийн гэрийн үүдэнд Девид нэгэн зурвас хавчуулсан байлаа. Зурваст “Та бол энэ дэлхий дээрх хамгийн сайн багш” гэсэн байлаа. Энэ зурвасыг бичсэнээс хойш зургаан жилийн дараа лицей төгсөхдөө, мөн дахиад зургаан жилийн дараа Девид хатагтай Ричельд захидал илгээж дүүргэсэн сургуулиудаа үргэлж амжилттай төгссөнөө мөн энэ дэлхийн хамгийн сайн багш бол та гэж бичсээр байлаа. Дахиад хэдэн жилийн дараа илгээсэн нэг захидалдаа Девид нэг сайн бүсгүйтэй танилцсанаа, аав нь хэдэн жилийн өмнө өөд болсон тул хатагтай Ричелийг хүргэний талыг төлөөлж өгхийг хүсээд мөн л та бол энэ дэлхийн хамгийн сайн багш гэжээ. Гэхдээ энэ удаа захидлын доор гарын үсэг зурахдаа хүний их эмч Девид гэж бичжсэн байв. Хатагтай Ричель хүүгийн хуриманд очихдоо олон жилийн өмнө түүний бэлэглэж байсан бугуйвчийг зүүж, үнэртэй уснаас нь түрхэхээ мартсангүй. Хайртай багшийгаа харсан Девид тосон угтаж, хайрлан тэврэхдээ чихэнд нь “Надад итгэсэнд тань, өөрөө өөртөө итгэх итгэлтэй болгосонд тань, натайг амьдралд итгэх игэлтэй болгосонд тань чин зүрхнээсээ баярладаг шүү багшаа” гэж шивнэжээ. Хатагтай Ричель хайр, нулимс дүүрсэн нүдээр Девидэд “Үгүй дээ хүү минь! Чи буруу ярьж байна. Чамтай тааралдахаасаа өмнө би багш гэдгээ мэдэрдэггүй байжээ” гэв.
Би анх энэ өгүүллэгийг гавъяат жүжигчин Чаминчулуун гуайг уншихаар нь их сэтгэл догдлон сонсож байлаа.

Их зүйл багаас эхэлнэ

Нэг өглөө зохиолч номын сэдвээ бодсоор далайн хөвөөгөөр алхаж явлаа. Тэр далай руу ямар нэгэн зүйл шидэж байгаа хүнтэй тааралдажээ. Нөгөө хүн рүү дөхөж очтол тэрээр эрэгрүү шидэгдэн гарч ирсэн далайн одуудыг далай руу буцаан шидэж байв. Зохиолч:
- та эднийг яагаад далай руу эргүүлж хаяд байгаа юм вэ, гэхэд
-Удахгүй нар мандана. Усны давлагаа татарч одууд хатаж үхнэ шүү дээ гэж хариулав. Зохиолч:
-Эрэг урт, энд олон мянган далайн одууд байна. Та бүгдийг нь далай руу шидэж амжихгүй шүү дээ. Шидсэн шидээгүй ялгаагүй юм биш үү гэхэд нь нөгөө хүн цуглуулсан однуудаасаа нэгийг авч шидэнгээ:
-та хар л даа, түүний хувьд их зүйл өөрчлөгдөж байгаа биз дээ гээд дахиан нэг одыг далай руу шидэв.

Сэтгэлийн нүд (Сургамжит өггүүллэг 1)

Эмнэлэгийн нэг тасагт гурван өвчтөнийг хэвтүүлжээ. Хамгийн эхэнд ирснийг нь цонхны дэргэд, дараагийнхыг нь өрөөний голд, хамгийн сүүлчийнхийг хаалганы хажуугийн орон дээр хэвтүүлэв. Захын хоёр нь хүнд өвчний улмаас өдөржин чимээгүй хэвтэж, харин дундах нь бусдын адил босож чаддаггүй ч алиа хошин яриатай, өөдрөг дэврүүн сэтгэлтэй нэгэн байв. Тэр элдвийг хүүрнэн нөгөө хоёрыгоо хөгжөөж өвчин шаналгаагаа бага ч атугай нимгэлэхэд өдөр хоног ч хурдан өнгөрнө.
Ийнхүү сар, улирал үргэлжилсээр өвөл эхлэв. Хүн бүрийн сэтгэл хөнгөн уйтгарт автаж исгэрэх салхийг чагнан хэвтэцгээнэ. Гэтэл нэг шөнө үүр цайхын хэрд цонхны дэргэдэх өвчтөн нас баржээ. Өглөө нь түүнийг өрөөнөөс гаргаж, өвчтөнүүдийн байрыг солихдоо дунд орны өвчтөнийг цонхны дэргэд, хаалганы хажуугийнхыг түүний байранд шилжүүлэв.
Цонхны дэргэд очсон мөнөөх эр цонхоор харагдах бүхнийг дэргэдэх нөхөртөө ярьж эхэлнэ.
“Зөөлөн будрах цасан ширхэгээр гоёсон сүрлэг модод зам даган ярайж, зул сарынхаа гоёлыг тайлж амжаагүй хүмүүс гудамжинд сүлжилдэнэ. Удалгүй нар улам хүчтэй ээж, цас хайлан газар дэлхий ногоорлоо. Тоглоомондоо улайрах багачуудын дуу цангинаж, шувууд жиргэхэд яаран алхах олны явдал удааширч хаврын улирал налайна.”
Алиа эр энэ бүхнийг тоочин ярих бүр дүр зураг нь эмнэлгийн бяцхан өрөөнд амилж хүн бүрийн сэтгал гэгэлзэнэ.
Гэтэл энэ сайхан бүхнийг өөрийн нүдээр харах гэсэн их хүсэл өрөөн дундах өвчтөнийг шаналнах болж зөвхөн цонхон талын байр суларсан цагт л тэр хүсэл нь биелэнэ гэж бодсоор байв. Ийнхүү атаархалын харцаар хажуу тийш ширтэн арга зам хайж эхэллээ. Аятайхан боломжийг хүлээж байсан түүийг удаан удаан хүлээлгэхгүй гэх шиг нэг шөнө цонхон талын эрийн хууч хөдөлж бие нь муудав. Асрагч сахиул байхгүй тул тэрээр шүүгээн дээрх эмийг өөрөө авч уудаг байсан бөгөөд энэ удаа ч мөн адил гараа явуултал хором тоолон хүлээж байсан атгаг санаатны гарт эм нь аль хэдийнээ орсон байлаа. Шалан дээр шилний хэлтэрхий тарж, бөнжигнөн тогтсон эмийн дуслууд нулимсан хэлхээ шиг цуварчээ. Өвчтөний яаран ёолох дуу тасарч, өрөөнд нам гүм ноёлоход хөдөлгөөнгүй хөшсөн цонхигор царайн дээр үүрийн гэгээ туслаа.
Нас барсан өвчтөнийг гаргахаар асрагч ирж, үлдэгсдийн байрыг сольж, хоёр шинэ өвчтөн оруулав. Хүсэл нь биелсэнд баярласан хар санаат эрийн яарсан сэтгэл тэсгэлгүй догдолж цэнгэлийн сайхныг горьдон цонхны зүг эргэхэд хориод алхмын тэртээ тоосго давхарлан барьсан тас хар хананаас өөр юу ч түүнд үзэгдсэнгүй.

Хайрын түүх

Нэгэн цагт Хайр, Уйтгар гуниг, Шунал, Мэдлэг, Аз жаргал, Их зан зэрэг хүний бүх мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ. Гэтэл арал нь живэх болсон тухай мэдэгдэж бүгд л арлаа орхин явахын тулд завиа бэлдэцгээжээ.
Хайр үргэлж бүгдээс хоцордог байсан тул юу ч болсон эцсийн мөч хүртэл хүлээхээр шийджээ. Тэгээд арал живэх үед Хайр тусламж гуйхаар шийдлээ. Шунал маш том завинд суугаад явахаар зэхэж байхад нь Хайр, “Намайг хамт аваад яваач” гэж гуйхад Шунал “Үгүй, завиндаа хэтэрхий их алт мөнгө ачсан учраас чамайг багтаах зай алга” гэлээ. Хайр, үзэсгэлэнтэй сайхан завинд суусан Их зангаас тусламж гуйхад тэр “Би чамд туслахгүй. Чи нэвт норсон байгаа тул завийг минь муухай болгочихно” гэжээ. Хажуудаа байсан Уйтгар гунигаас Хайр “Чамтай хамт явья” гэхэд хариуд нь “Өө Хайр минь, би үнэхээр их гунигтай байгаа тул ганцаар баймаар байна” хэмээв. Аз жаргал хажуугаар нь өнгөрсөн боловч туйлын аз жаргалтай байсан тул Хайр түүнийг дуудавч дуулсангүй.
Гэтэл Хайр хэн нэгэн өөрийг нь дуудаж байгааг сонсжээ. “Хайр минь, хүрээд ир би чамайг авч явья”. Нэгэн настан дуудсан байлаа. Харин Хайр өөрийгөө азтайд тооцон, баярласандаа түүний нэрийг асуухаа мартжээ. Шинэ газар очсон хойноо тэд өөр өөрийн замаа хөөжээ. Настанд хичнээн их өртэйгээ мэдэрсэн Хайр Мэдлэгээс “Надад хэн тусласан юм бэ?” гэж асуув. Тэр “Цаг хугацаа” гэж хариулжээ. “Цаг хугацаа гэнэ ээ? Яагаад надад тусалсан юм бол?” Мэдлэг инээмсэглэн байж хариулсан нь “Учир нь зөвхөн Цаг хугацаа л Хайр хичнээн агуу, чухал зүйл болохыг ойлгодог” гэжээ.

Comments
  1. Hawk says:

    Жинхэнэ хайраас бид зугтсаар л байдаг… Хуурамчруу нь тэмүүлсээр. :(

  2. jambaa says:

    Миний найз сургамжтай сайхан зүйлс ихийг бичжээ. Цаашид ч үргэлжлүүлэн хүмүүст ухаарал бэлэглэж байгаарай. Амжилт хүсье чамдаа.

  3. zaya says:

    Mash olon saihan zuilsiin talaar unshlaa
    Ene ugiin urlang buteesen hun burt bayarlalaa
    Amjilt husii

  4. ука says:

    Бодож байж шийдвэр гарга.
    Амьдрал гэдэг өөрөө аз туршсан тоглоом шиг алдаатай оноотой тэр бүгдийг бурхан шүүвэл диваажинд очих хүн байхгүй бус уу. Хорвоо дээр хүмүүс алдаа хийхээ мэдсээр байж алддаг гэж үү хүн байтугай хортон шавж хүртэл үххээ мэдсээр байж үхдэг гэж үү Тэгвэл яагаад хүмүүс хорвоод мэндлэх гэж байгаа бяцхан жаахан хүүхдийг хортон шавьж шиг устгаад байгаа юм бэ? Яагаад яагаад яагаад гэж би мянга мянган удаа асуумаар байна гэвч хэнч надаа өөрийгөө өмөөрхөөс өөр тэр бяцхан хүүхдийг өмгөөлөх өмгөөлөгч алга. Хэрэг хийсэн эзэн нь өөр атал хэнд ч гэм буруу хийгээгүй хорвоогийн нарыг харуулжчиж амжилгүй устгаж байгаа тэр алуурчдыг яагаад шйитгэхгүй байгаа юм бэ? Хүн хутгалсан хүнийг хүртэл хорьж шийтгэдэг байж хүүхэд алсан алуурчдыг яагаад тоохгүй байгаа юм бэ? Би мянга мянган хүүхдийг тоглож наадаж байхыг хармаар байна. Миний монголын үрс олон болтугай гээд байдаг хирнээ хэн ч тэрний төлөө зүтгэхгүй авч хэлэлцэхгүй бүр энгийн үзэгдэл болж эмнэлэг байтугай нарантуул зах дээр зулбуулах эм гээд хямдхан хэдэн цаасаар үнэлсэн тэр нь амьдралын эцэст өөрт нь хор хөнөөлтэйг нь ч мэдэхгүй амьдарсаар байгаа хүмүүс хичнээн олон гээч хамгийн сонин нь зулбуулах энэ явдал газар аван даамширч улам улам залуужаад байгаан нь моннголын ирээдүй цаашлаад хүний наслалт багассах сөрөг муу нөлөө гээд зөндөө байна. Манай монголчууд хэлдэг биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг түүнтэй адил аливаа зүйлийг багаас нь том болгохгүйн тулд хичээцгээе.

  5. Э says:

    Тийм цаг хугацаа л хайр ямар чухал гэдгийг үнэнээр нь харуулна. Э

  6. haliun says:

    blog cn ih taalagdlaa, amjilt husey ;)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s