Нэг л намар тэр хоёр…

Posted: 2009/06/04 in Эссэ бичих гээд үзэх үү?

images2Сэтгэлийнх нь чанадад адуу янцгаана… Өвөө минь эгцхэн нуруутай, цэмцгэрхэн зассан сэрвэгэр сахалтай нүднээ нээг их дулаанхан сайхан хүн байж билээ. Цэргийн хүн байснаас ч тэр биз. Дарга голдуу хийж явсных уу цаанаа л төлөв, шударга. Иймээс ч олон жил модны үйлдвэрийн орлогч дарга хийхдээ ганц байшин хувьдаа барих санаагүй явсан шударга нэгэн. Зарим хүмүүсийн хэл амнаас болгоомжилсных. Харин тээр олон жилийн дараа хэлмэгдсэн аавынхаа цагаатгалын мөнгийг төрөөсөө авч сая л нэг байшингийн бараа харж билээ. Үлгэр дээр гардаг Оросын тосгон шиг жижигхэн тэр суманд аятайхан тохижуулсан хашаан дотор цав цагаан таван ханат гэрийн хоймрыг эзлэн суудагсан. Жижигхэн гэлгүй, сумаар хөөцөлдөх ажил ихтэйнх үү уналагын хоёр сайхан морьтой байлаа. Өндөр хээрийг унасан өвөө минь өндөр дээрээ бүүр өндөөр. Мориороо гангардаг Монгол хүний хийморь болсон хөлөг байсансан. Балчирхан байхад минь, өвгөрснийх үү харагдахаа больж нэг л өдөр хээр халзанг эмээллэдэг боллоо. Хээр халзан намхан л болохоос Өндөр хээрээс дутахгүй сайхан. Савнаасаа бусдыг дийлдэг идээнээс сэм сэмхэн амсчихдаг байлаа өвөө минь. Цэнхэрлэн харагдах уулыг уянгалуулан гэр дүүргээд л ороод ирдэгсэн дээ. Нас тогтоод намба юу нь суугаад ирэхэд, хатуу нь чангадсан ч, дуртай юм болиж болохгүй хатуугаа зөөллөн Хүрэн халзанаа унаад, Ононыг зорин нэрмэл хүртдэгсэн. Буцах замд салхи үлээнэ, бор дарс биеийг захирна. Даваа даввал л сум харагдана. Гунхсан эзэнд бол тээр хол. Юу юугүй дэлхий дайвалзаж нэг мэдхэнээ ойчиж орхиод төрсөн нутгийнхаа давааны ард бүхэл шөнөжин унтаад сэрмэгц чочиж үргэх нь бүү хэл хүзүүгээ шилгээн ялаархан зогсдог, Хүрэн халзанаа магтах дуртайсан даа. Уртаас урт дэлтэй сүрлэг гэж яана. Намар болгон адуун сүрэгт нь тавина. Холгүйхэн идээшлэн яваа тэд нь. Норвилон хайрханы дагавар уулс, сүрэгт хүргэх газрын эхлэл. Мацан байж өвөө бид хоёр оройд нь гараад ташуурддагсан. Өвс зулгаан газар чавчилж өөдөөс хараад л янцгаахад нь бор борхон нулимс бөмбөрөнхөн урсаад л. Айдаа адуу, эзэн хоёрын сэтгэлийн хайланд хүмүүжсэн билээ би. Зэрэг өтлөсөөн тэр хоёр. Өвлийн хүйтэнг ялгалгүй ялаархадаг болж, өвсний шимтэйг олж идэлгүй турж, сүргийн маналай азраганаас дутахааргүй сүр нь сүүмийсэн харц юугаар солигдож нэг л намар хээрийн боохойн идэш болсон дуулдлаа. Хэлээгүй ээ энэ тухай өвөө дөө. Шашин, хуварга алинд ч сүсэггүй өвөө минь санаа алдаад л эрхи эргүүлэн суухад, сайхан мэдээ биш дээ ямар сэтгэл шимшрээд, хоолой зангираад дуу байтугай авиа ч гаргаагүй өнгөрснөө санаж байна би. Хорвоогийн гэгээг нэгэнт мэдрэхээ болиж, холоо явах тухайгаа ярьж, өөрийнхөө байхгүй ертөнцөд хэрхэн амьдрах тухайг өгүүлэн, бие нь энд ч сэтгэл нь мөхсөн нь мэдрэгддэг боллоо тэр буурал. Намар болгон уйтгар төрүүлэн ирдэг шигээ тэр л намар хэзээ хэзээнээс уйтгартай бас буцаж билээ. Нэг л намар тэр хоёр…

Advertisement
Comments
  1. suvd says:

    Таныг би зүүдлээд сэрлээ. Сэтгэл хөндүүр, нүд хавдсан байлаа. Та намайг ерөөсөө танихгүй байсан. Би тантай юм ярих гэхээр л та ядраад байна гээд ер яриулахгүй байх юм. Та минь хэзээ ийм байлаа даа. Би таныгаа дандаа дээдлэн бодож байхад зүүдэнд минь орж ирээд танихгүй байна гэдэг. Надад маш гомдол төрснөөс би их уйлсан бололтой. Тиймээс нүд бүлцийсэн хэрэг л дээ. Тэнгэрийн оронд сайхан байдаг гэлцэнэ. Тэгээд л та бидэндээ ирэхгүй явчихсан юм байхдаа. Үүлнээс дээш байдаг тэр хотод үнэн ч бай худал ч бай хүн бүр л очно доо.

  2. лха says:

    чи норвилонд ямар хамааралтай юмбэ. блог чинь таалагдаад харж байсан харин мэддэг газар орны нэр байнаа

  3. secret says:

    эсээ шүү дээ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s