Цэнхэрлэн харагдах уул…

Posted: 2010/10/27 in Миний бодол

Санаанд байх сайхан бүхэн нь буурал өвөөтэйгөө өнгөрүүлсэн хүүхэд нас минь билээ. Нутаг нутаг л гэнэ, одоо очиход эзэнгүй ханхайх гэр шиг илч дулаахан нь үгүй мэт. Гэрээ саналаа л гээд холоос харьдагсан. Яг санагдсан нь гэвэл гэр биш өвөө минь л байсан юм уу даа дурсан суухад. Үнсүүлэх гээд л яаран яаран босго давахад, нүдээ аниж ирээд л сахал нь хатгасхийгээд өвөөгийн минь үнсэх үнэрлэх болж таардагсандаа. Үгүйлээд баршгүй энэ хүнийг хааяа хааяахан л ингэж дурсана би. Нинжин сэтгэлийн минь цагаан сүүдэр нь энэ хүн  байж. Өвөөгөө дурсах биш бодох зуур л хатуу бүхэн минь зөөлөрч хамаг бүхнээс уян болсон шиг санагдах юм. Та намайг сул дорой болгоод байна уу даа. Эсвэл сэтгэлдээ тэжээж явдаг хэдэн шарыг минь тийш нь ч ийш нь ч цацаж орхихоор ингэнэ үү. Алдсан бүхэн минь авсан мэт, авсан бүхэн минь алдсан мэт болохуйд ахиад л би таныгаа дурсан сууна. Баяр, гунигтай минь хамт айлчлан ирэх таны төрхийг яасан ч ихээр үгүйлдэг юм бэ дээ! Одоо таны үрс өнөр өтгөн олуулаа болон өвөө эмээ нар болцгоожээ. Ажиглаад суухад тантай адил гэхээсээ ялгаатай л зүйл их  мэт. Нэг сайхан дуу санаанд орсныг сийрүүлбэл: …баруун хоймроо дүүргээд ханхайж суугаа нь харагдана аа, баян хангай шиг аавыгаа санаад л санаад л байна даа, дуудаад дуулаад ч ирэхгүй зүүдний алсад мордохдоо таныхаа эзгүй хорвоотой эвлэрч тэрсэлж явна даа, холын тэнгэр аав минь дээ… гээд л сайхан үнэн үгтэй дуу караокед ороод дуулах дуртай болов оо. Дурдатгал бүхэн өөр өөрийн гэсэн түүхтэйгээс хамгийн нандин нь энэхэн дурсамж минь юм. Мартагдашгүй зүйл гэж байдаг бөгөөд сэтгэлд чинь маш их хүндэтгэл төрүүлж буй бол энэ гарцаагүй эрхмийн дээд эрхэм нь юм. Нутагтаа очиход цэнхэрлэн харагдах Ноён уулыг цэнхэрээр нь л харах би дуртай. Хэрэг болгон ойртож байсан удаагүй. Холоо одсон тэр хүнийг санагдуулдаг болохоор халдаж ойртож үл чадна. Цэнхэрлэн харагдах уул та хоёр минь нутаг сэтгэл хоёр минь билээ.

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s